Home » Хууль эрх зүй » МАЛ, АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛ МӨРИЙГ МӨРДӨН ТОГТООХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

МАЛ, АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛ МӨРИЙГ МӨРДӨН ТОГТООХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

January 10, 2017 10:24 am by: Category: Хууль эрх зүй, Хууль эрх зүйн булан A+ / A-

Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Сайдын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн
А/98 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралт

123

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9.5, 10.1.3, 18.1.1 ба 18.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зүгээс ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөх болон хүнсний сүлжээ /хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагаа/-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөдөлгөөнийг хянах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Аливаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хүнсний сүлжээн дэх хөдөлгөөнийг “урагш нэг шат, хойш нэг шат” зарчмыг баримтлан бүртгэнэ.

Хоёр. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөх

2.1. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг (хүнс, хүнсний түүхий эд, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, хүнсний зориулалтын мал амьтан, малын тэжээл гэх мэт) гаднаас буюу хүнсний сүлжээний өмнөх шатны оролцогчоос хүлээн авах, эсхүл хүнсний сүлжээний дараагийн шатны оролцогчид хүлээлгэн өгөхдөө ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн дэвтрийг цаасан болон цахим хэлбэрээр тогтмол хөтөлж, бүртгэлийн хуудас болон шаардлагатай тохиолдолд энэ журмын 2.7-2.12 дугаар зүйлд заасан баримт бичгийг тус тус дагалдуулна.

2.2. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өмнөх шатны оролцогчоос хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудсын хамт хүлээн авч, ул мөрийг мөрдөн тогтоох “урагш нэг шат” бүртгэлийн дэвтрийг хөтөлнө.
2.3. “Урагш нэг шат” бүртгэлийн дэвтэр нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
2.3.1. тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дагалдаж ирсэн ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудасны дугаар;
2.3.2. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ;
2.3.3. түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан он сар өдөр, цаг, минут;
2.3.4. хүлээн авсан ажилтны овог нэр, албан тушаал;
2.3.5. тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн дотоод хяналтын журмаар зохицуулсан бусад шаардлагатай мэдээлэл.
2.4.  Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээний дараагийн үе шатанд ул мөрийг мөрдөн тогтоох хуудсын хамт хүлээлгэн өгч, ул мөрийг мөрдөн тогтоох “хойш нэг шат” бүртгэлийн дэвтрийг хөтөлнө.
2.5. “Хойш нэг шат” бүртгэлийн дэвтэр нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
2.5.1. түүхий эд, бүтээгдэхүүнийг дагалдах ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудасны дугаар
2.5.2. түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулсан эсхүл дараагийн шат дамжлагад шилжүүлсэн он сар, өдөр, цаг, минут;
2.5.3. борлуулалтын болон дараагийн шат дамжлагад шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн ажилтны овог нэр, албан тушаал .
2.5.4. тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн дотоод хяналтын журмаар зохицуулсан бусад шаардлагатай мэдээлэл.
2.6. Ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудас нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
2.6.1. ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудасны дугаар;
2.6.2. хуулийн этгээд болон иргэний нэр, хаяг, холбоо барих утас;
2.6.3. харъяалах нутаг дэвсгэр дэх хяналтын байгууллагаас тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг бүртгэж, олгосон дугаар;
2.6.4. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, цувралын дугаар эсхүл зураасан код;
2.6.5. үйлдвэрлэсэн эсхүл борлуулсан он сар өдөр, цаг, минут;
2.6.6. түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн эсхүл хүлээн авсан он сар өдөр, цаг, минут;
2.6.7. хүлээлгэн өгсөн ба хүлээн авсан ажилтны нэр, хаяг, утасны дугаар;
2.6.8. ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хариуцсан эрх бүхий ажилтны овог нэр, албан тушаал, утасны дугаар, гарын үсэг, тамга;
2.6.9. шаардлагатай тохиолдолд энэ журмын 2.7-2.12 дугаар зүйлд заасан баримт бичгийн нэр, дугаар, код, хүчинтэй хугацаа.
2.7.  Мал, малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхэд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудаст дараах баримт бичгүүдийг хавсаргаж, баталгаажуулна. Үүнд:
2.7.1. мал, малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны  үйлдвэрлэл  эрхлэгч нь бүтээгдэхүүнээ хүнсний сүлжээний дараагийн шатны оролцогчид нийлүүлэхдээ ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудаст “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч малчин өрх”  дардсыг дарж, баталгаажуулсан байна;
2.7.2. амьд малд малын бүртгэлийн болон эрүүл мэндийн гэрчилгээг, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээг тус тус дагалдуулна.
2.8. Ургамал, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхдээ Ургамал хамгааллын тухай хуулийн 13.2.2-т заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг дагалдуулна.
2.9. Боловсруулах үйлдвэрийн түүхий эд, бүтээгдэхүүнд эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн дотоодын хяналтын эсхүл итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн шинжилгээний дүнг дагалдуулна.
2.10. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудаст энэ журмын 2.6-д зааснаас гадна гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн дугаар (R дугаар)-ыг тусгана.
2.11. Эцсийн хэрэглэгчид зориулан зах зээлд нийлүүлж буй  аливаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан мэдээллээс гадна харъяалах нутаг дэвсгэр дэх хяналтын байгууллагаас тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг бүртгэж, олгосон дугаарыг агуулсан байна.
2.12.  Хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч нь эцсийн хэрэглэгчид түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулахдаа кассын машины талоныг дагалдуулна.

                 Гурав. Ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөх талаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, үүрэг

3.1. Ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн асуудлыг дотоод хяналтын журамдаа тусгаж, хэрэгжүүлж ажиллана.
3.2. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9.6-д заасны дагуу бүртгэлийг хөтлөнө.
3.3. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн дотоод хяналт хариуцсан ажилтан ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудсыг дугаарлан, баталгаажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.4. Энэ журмын 2.6-д заасан мэдээлэл бүхий ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн хуудсыг хоёр хувь үйлдэж, хүлээн авагч, нийлүүлэгч тус бүр нэг хувийг авна.
3.5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9.4-т заасны дагуу ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл, бүртгэлийн хуудсын хувийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа дууссанаас хойш 30 хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэг жилийн хугацаанд тус тус хадгална.

МАЛ, АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УЛ МӨРИЙГ МӨРДӨН ТОГТООХ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ Reviewed by on . Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Сайдын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралт Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. “Хүнсний бүтээгдэхүүний Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Сайдын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/98 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралт Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. “Хүнсний бүтээгдэхүүний Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

Current day month ye@r *

scroll to top
Visit Us On TwitterVisit Us On FacebookVisit Us On Youtube