“Өсвөр Үе Хүнс” ОНӨӨАТҮГ-аас 2022-2023 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Манай байгууллагын хамт олон 2022-2223 оны хичээлийн жилд нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу 84 цэцэрлэг, 20 ерөнхий боловсролын сургуулийн нийт 185 хичээлийн байрны хүүхэд багачуудыг эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан, баталгаатай, чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж ажиллаа.
“Өсвөр Үе Хүнс” ОНӨӨАТҮГ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 тоот тогтоолоор нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд үйл ажиллагаагаа явуулж байсан “Балчирхан”, “Хан-Уул Хангамж” НӨҮГ-уудыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар тогтоолоор тус байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулснаар бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдээр ханган нийлүүлэх чиг үүрэг нэмэгдсэн.
Манай байгууллага нь одоогийн байдлаар 28 ажилтантайгаар хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын 5 автомашин, бараа бүтээгдэхүүн хадгалах махны 1, хүнсний ногооны 1, хуурай хүнсний 8, нийт 11 агуулах /212.47 м2/-ын өрөө, тасалгааны хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 24 төрлийн 110 орчим нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр цэцэрлэг, сургуулиудыг ханган ажиллаж байна.
2022-2023 оны хичээлийн жил дуусч байгаатай холбоотойгоор төлөвлөгөөт урсгал засвар, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийх бөгөөд одоогоор агуулахад байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үлдэгдэлгүй болохын тулд барааны тооллогыг тогтмол хийж, харилцагч цэцэрлэг сургуулиудад захиалгын дагуу хүнсний түгээлтийг хийж байна.